Tuesday, September 28, 2010

Монгол улсын хөгжлийг яажшуухан хурдасгах вэ

Миний бие өдөр бүр л энэ талаар бодож суудаг бөлгөө. Өчүүхэн төдий зав гарвал зөвхөн энэ талаар боддог болохоор бодын шийр дөрөв гэдэг шиг л юм болчхоод сууж байх юм даа. Хааяа хэдэн нөхөдтэйгээ уулзаад балгаж суухдаа хүртэл энэ сэдвийг хөндчихөөд ад үзэгдэх жишээтэй.
Одоохондоо ч яахав газраа ухаад гадаад руу зөөгөөд болоод л байна. Байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Орчин үед техникийн хөгжил асар өндөр түвшинд хүрсэн болохоор байгалийн асар их нөөцийг ч нээх их түүртэлгүйхэн шиг шавхаад хоосолчихдог болчихсон шүү дээ. Иймээс бид хэдэн уурхайд найдаж суух нь огтоос явуургүй зүйл бөгөөд хөгжлөө хурдасгах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.
Хамгийн түрүүнд цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд найдвартай, маш хямдаар хүргэх нь ус агаар мэт хэрэгтэй байна. Манай улсад эрчим хүч хэт өндөр үнэтэй байгаагийн улмаас дотоодын бүтээгдэхүүний өртөг нь хятадын мөн ижил нэр төрлийн бүтээгдэхүүний өртгөөс даруй хэд дахин үнэтэй тусч байгаа учраас өрсөлдөх чадвараа алдаж, тэдэнд цохиулаад байгаа нь хэн бүхэнд тодорхой. Иймээс эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарыг орвонгоор нь өөрчилье Muggie найз аа. Шийдэх 3 арга зам байна.
Нэгдүгээрт усан цахилгаан станц. Оросын Эрхүү мужийн Ангар мөрөн дээр асар том усан цахилгаан станц бий бөгөөд уг мужийг дангаараа эрчим хүчээр хангаж байдаг. Нэгэнт усны хүч буюу нэг ёсондоо байгалийн сэргээгдэх эрчим хүчийг боловсруулан цахилгаан болгож хувиргадаг учраас зардал маш бага. Тиймдээ ч Эрхүү мужид хүмүүс цахилгааны үнийн талаар огтхон ч санаа зовдоггүй. Гэхдээ манай оронд ийм төрлийн цахилгаан станц тийм ч тохиромжтой бус. Ялангуяа булаг шанд нь мянга мянгаараа ширгэж үгүй болж байгаа улсын хувьд бол дэмий зардал гаргахаас хэтрэхгүй.
Хоёрдугаарт байгалийн сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эрчим хүч. Яахав бага зэргийн өрхийн хэрэглээнээс хэтрээгүй байгаа технологитой учраас бас л хэцүү. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй аль ч орны зохион бүтээгчид нарны болон салхины эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэл явуулахад шаардлагатай хэмжээний эрчим хүчийг гаргаж авах аргыг нээж чадаагүй л байна. Хэрэв ийм технологи бий болбол түлшээр ажилладаг механизмууд бүгд үгүй болж, хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд цэгт хүрэх байх даа. Иймээс манайд тохирохгүй.
Гуравдугаарт цөмийн энерги. Харин энэ бол нэлээн боломжтой хувилбар гэж би үздэг. Учир нь манайд Уран хэмээх түүхий эд нь байна. Орос гэж цөмийн эрчим хүчний асар том үйлдвэрлэгч, туршлагатай мэргэжилтнүүд байна. Хамгийн гол нь өчүүхэн бага зардлаар асар их хэмжээний эрчим хүч гаргаж болдог учраас их л аятайхан санагдаад байгаа юм аа. Атомын эрчим хүчийг боловсруулах нь өөрөө асар өндөр хариуцлагатай технологи байдаг учраас аюулгүй байдал алдагдах нь бараг боломжгүй юм. Хүмүүс атомын цахилгаан станцыг эсэргүүцэхдээ Чернобылийг байнга дурьддаг. Яс юман дээрээ хариуцлагагүй, согтуу этгээдийн буруутай үйл ажиллагааны уршгаар цөмийн реакторуудын нэг нь доголдсоны улмаас энэхүү аймшигт осол гарсан хэрэг. Хэрэв хүн бүр албан ажилдаа туйлын хариуцлагатай, эзний ёсоор хандах юм бол Чернобылийн түүхийг давтахгүй байх 100 хувийн боломжтой. Саяхан оросууд иранд 8 жилийн туршид атомын цахилгаан станц барьж өгсөн нь нээлтээ хийлээ. Манайд бол тийм олон жил бариад байхаар нүсэр том хэмжээний станц шаардлагагүй. Зүгээр л 5 сая хүний хэрэгцээг хангахуйц хэмжээтэй байхад л ойрын 50 жилдээ хангалттай. Миний таньдаг нэгэн эрдэмтэн ах "Монголыг бүхэлд нь цахилгаанаар хангахад оросын шумбагч онгоцны цөмийн реактор л хангалттай" гэж хэлж байсан нь миний санаанаас огт гардаггүй юм. Тэгэхээр хөгжилд хүрэхийн тулд цахилгаан эрчим хүчний салбараа 100 хувь өөрчлөх зайлшгүй шаардлагатай учраас цөмийн эрчим хүчийг ашиглах асуудлыг маш яаралтай, нухацтайгаар шийдэх нь чухал байна аа хүмүүс ээ.
Хэрэв цахилгааны үнэ үлэмж хэмжээгээр хямдарвал нийслэл хот утаанаасаа салах нь туйлын тодорхой юм. Энэ тийм чухал биш юм аа гэхэд үйлдвэрлэл хөгжих чухал үндэс суурь тавигдана. Хэрэглэгчдэд хямд бүтээгдэхүүн хүрэх боломжтой болж, ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн худалдан авах чадвар жинхэнэ утгаараа нэмэгдэнэ.
Манайх ядуу улс хэрнээ гадаадаас ажиллах хүч аваад 2 монгол хүний авах цалинг 1 хужаад өгөх жишээтэй. Бас л харамсмаар. Тэрний оронд улсын төсвөөр хооллуулж, хувцаслуулж, байр, дулаанаар хангагдаж байдаг зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, шоронгийн хоригдлуудыг хөдөлмөрт татан оролцуулж, зам, барилга зэрэг олны хүч шаардсан ажлыг бага зардлаар хийлгэчхэж болмоор санагдах юм. Хүнийг зүгээр суусных нь төлөө хоол өгдгийг таслан зогсоож, хэн ажиллаж чадаж байгаад нь тохирсон цалин хөлс, урамшууллыг өгдөг болмоор байна.
Ямар ч зүйлийг гадаад руу шууд түүхий эд хэлбэрээр, цаашилбал хагас боловсруулсан хэлбэрээр гаргахыг таслан зогсоох хэрэгтэй байна. Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийгээ өртөг шингэсэн өндөр үнээр гадаад руу экспортолж байж гадаад худалдааны тэнцэл ашигтай болно.
Эх оронч хүн бүр үйлдвэрлэгч байж, үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг гололгүй авч хэрэглээд эхэлбэл импортын хувь багасч, бүтээгдэхүүний чанар дээшилнэ. Учир зүггүй машин үйлдвэрлэхээ байг гэхэд хүн амын өргөн хэрэглээний бараа, хөдөлмөрийн багаж зэвсэг, барилгын материал, ядахнаа хогийн саваа өөрсдөө хийж сурмаар байна. Манайд хийе гэвэл бизнес зөндөө л байна. Харамсалтай нь монголчууд бүгдээрээ дээд тэнгэрээс гаралтай, бүгдээрээ дарга, захирлууд болохоор хэцүү л дээ. Уг нь гараа хөдөлгөж байж л баяждаг баймаар юм даа.
Эцэст нь татварын дарамтаа багасгах хэрэгтэй. Манай улс чинь гадаадуудын эрх ашигт үйлчлээд үндэсний үйлдвэрлэгчээ дарамталж байдаг татварын тогтолцоотой. Хэрэв татвар багасвал зөвхөн үйлдвэрлэгчийн ч бус худалдан авагчийн нуруун дээрээс үгүй мөн том ачааг авч хаяна даа.
Ингэж байж улс хөгжинө. Гэхдээ дээр хэлсэн зүйлс зөвхөн авилгачдыг үгүй болсны дараа хийгдэж гэмээ нь биеллээ олох болохоос бус өнөөгийн нийгэмд хийх гэж хэчнээн ч хичээгээд тусыг эс олно оо.



2 comments:

  1. gui ee mun lut setgej bnaa. hugshuun chi ene niitlelee olon hun unshihaar gazar hevlebel yadgiin be? end bi l gantsaaraa unshaad bgaam shig setgegdel turuhiim? tegeed chi eyr ni messengertee ordog hunuu?

    ReplyDelete
  2. зүгээр ээ хөө. ганц дайчин ганцаардахгүй шүү дээ. гэхдээ 1 сарын хугацаанд 110 зочин гэдэг хангалттай үзүүлэлт байх аа. сэтгэгдлээ үлдээж, урам хайрладагт чинь баярладаг шүү

    ReplyDelete