Friday, September 3, 2010

Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа хэмээх үгийн учир

Өчигдөр 8 настай охин минь надаас энэхүү зүйр үгийн утгыг асуулаа. Би чухамхүү бага насны хүүхдийн сэтгэхүйд тохирохуйц байдлаар тайлбарлаж өгөх гэж оролдсон боловч үнэхээр барсангүй. Угаасаа хэчнээн ч энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан ч цаас шиг цагаан, гэнэн цэвэр, бас эрх танхи бага насны хүүхдийн оюун ухаан үүнийг хүлээн авч, анализ хийн ойлгох ямар ч боломжгүй юм байна гэдгийг харин би өөрөө ухаараад охиндоо битүүхэндээ атаархаж л суулаа. Учир нь миний урьд өмнө нь хийж байсан ажил бол чухамхүү дээрх үгийг өдөр бүр толгойдоо маань мэгзэм мэт санаж явахыг шаарддаг байсан болохоор, би шөнө унтахдаа хүртэл муусайн эрүүгийн элементүүдийн заль мэхнээс илүү нарийн арга сэдэхийн тулд тархи минь ажиллаж, өчүүхэн ч амралтгүй машин мэт ажилладаг байсан болохоор л тэр шүү дээ.

Хүн бол энэ дэлхий дээр оршин тогтнож буй амьд бие махбодын дотроос хамгийн аюултай, хэрцгий амьтан. Ямар нэгэн чоно, баавгай, заан, ер нь ямар ч аварга том амьтан хүний өмнө хүчин мөхөстөнө. Тэр ч байтугай хүн өөрийг нь бий болгосон байгаль дэлхийгээ хүртэл үгүй хийх чадвартай.

Ямар ч амьтныг сайтар ажигласны үр дүнд тухайн амьтны ямар үйлдэл хийх гэж байгааг нь урьдчилан мэдэж болдог. Ингэснээрээ уг амьтны эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэхээ төлөвлөж болно. Харин насанд хүрсэн хүн толгойдоо юу бодож, ямар үйл хөдлөл хийх гэж байгааг нь урьдчилан тааж, төсөөлж, мэдэхэд маш хэцүү. Угаасаа боломжгүй зүйл. Тийм ч учраас өөдөөс чинь харж инээгээд, нөхөрсгөөр мөрийг чинь алгадах хэн нэгэн чамайг буруу харах үед нуруу руу чинь хутга шаачих вий дээ гэх болгоомжлол хэн бүхэнд байдаг шүү дээ.

Алдарт Усама Бин Ладен эхлээд америкчуудтай холбоотон болж, тэдний хамаг арга ажиллагаа, тактикийг нь мэдэж авчхаад дараа нь тэднийгээ яаж орхисныг бүгд мэдэж байгаа. Уг нь бол америкчууд мань эрийг оросуудын эсрэг турхирах нохойгоо болгохын тулд хэрэгтэй бүхнийг нь өгсөн. Харин эргээд түүнийхээ төлөөсийг чамлахааргүй авсан даа.

Тэгэхээр хүн юу бодож, ямар үйлдэл хийх, чамайг алах уу, аврах уу, жинхэнэ итгэж болох хүн мөн бишийг хэн ч таашгүй гэдгийг л "ХҮНИЙ ЭРЭЭН ДОТРОО" гэж хэлээд байгаа нь тэр шүү дээ.

1 comment: