Tuesday, May 18, 2010

Тоёотагийн тухай жаахан ярья

Манайхан Тоёотаг монголын нөхцөлд тохирсон сайн машин, тэр тусмаа япон тэрэгнүүд дундаа хамгийн сайн нь гэж ярьцгаадаг. Өнгөц харахад үнэн ч юм шиг. Тэгээд би хүмүүсийг дуурайн Тоёотагийн Спринтер хэмээх машиныг аваад хэсэг унаж үзэв. Гэтэл үгүй юм аа. Нэг л биш. Автомат кроп нь нэгдүгээр араанаас дараа дараачийн араандаа шилжихдээ орилж орилж арай гэж нэг юм солигдоно. Бензинийг ч бас овоохон цохиж байх юм аа. 1500 сс мотортой машин үсрээд л 100-д 10 литрийг зарцуулдаг гэж ёстой шаал худлаа юм байна лээ. Минийх өвөл 13, заримдаа бүүр 14 гаргаж идэж байсан. Харин зундаа бага зэрэг багасч 10 литр рүү дөхөж байсан. Энэ нь надад арай ч ахадсан зардал санагдсан шүү.
Гэхдээ сайн тал бас зөндөө байна аа. Оригинал 4 амортизатор, пружинтэй нь солиод тавьчихсан байхад машинд дуу орно гэж санаа зовох зүйл байхгүй. Хэрэв та халтууранд явдаггүй л бол Тоёотагийн машиныг элээж барахгүй шүү дээ. Цэвэрч нямбай хүн бол салоныг нь арчлаад байхад шинэ юм шиг хэвээрээ л гялалзаад байх нь тэр. Кузов бол жинхэнэ чулуу л гэсэн үг. Ампер цаг өндөртэй том аккумулятортой байхад хэр баргийн хүйтэнд асч л байдаг тийм л машиныг Тоёотагийнхан үйлдвэрлэж чаддаг юм билээ.
Япон машинуудаас миний хамгийн их үнэлдэг нь Тоёота, Хонда. Бусад нь бол хэцүү. Дараа тэгж байгаад зав гарахаар Ниссан, Субару энэ тэрийг баахан муулна аа. Магтъя гээд ч магтуулах юмгүй юм билээ.

Monday, May 17, 2010

Машинтай хүмүүсийн анхааралд

Хүмүүс албатай юм шиг машин авчхаад дараа нь нөгөөдөхдөө ёстой л нэг мөнгөөрөө гоожиж өгөх юм даа. Би тэдгээр хүмүүсийг хараад гайхан балмагддаг мөртлөө тус болъё гэж урьд нь огтхон ч санадаггүй байжээ. Бодоод байхнээ энэ бол бие хүний хувьд амиа бодсон муу зан суртахуун юм байна аа. Тэгээд зарим нэгэн хүмүүст туслах үүднээс блогтоо ганц хоёр зүйл бичиж байхаар шийдлээ. Гэхдээ ингээд бичээд сууж байх зав ховорхон болохоор сонирхсон асуулт энэ тэр байвал надад бичиж байгаарай. Орчин үед машин унана гэдэг нь тансаг хэрэглээ бус харин хүний амьдралын хамгийн наад захын асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байдаг эд зүйл болон хувирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ эзнээсээ мөнгө саадаг машин огтхон ч хэрэггүй. Мөнгөтэй баян хүмүүс нь ч яахав тэгсгээд тансаглаад, ганган машин унаад, хүмүүсийг боолчилж, луйвар хийж, газар усаа сүйд хийж, зарж, үрж олсон хэдэн төгрөгөө утаа болгон агаарт дэгдээгээд явдаг л юм биз. Энгийн дундаж амьдралтай хүмүүст бол бензин хамгийн бага зарцуулдаг, зай, багтаамж сайтай, тохилог, өвөл дулаан граж шаардаад байхааргүй асалт сайтай, бас ч гэж хэрийн юманд тулаад байхааргүй өндөр машин хэрэгтэй шүү дээ. Ийм шаардлагад нийцсэн хямд төсөр, зардал багатай машин олоход маш хэцүү. Тийм учраас өөрийн хэрэгцээ, шаардлагадаа тохируулан машинаа хямд, төсөр аргаар өөрчлөх нь хамгийн ашигтай бөгөөд оновчтой шийдэл байх болно.
Юуны түрүүнд та ямар маркийн автомашин авахаа сонгох хэрэгтэй. Барууны машинууд бол санахын ч хэрэггүй. Нэг бол баян хүн, эсвэл тэнэг хүн л барууны машин унадаг гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ.
Манай нөхцөлд япон машин илүү зүгээр. Гэхдээ бас асуудалтай. Ихэнх япон машинууд баруун талдаа жолооны хүрдтэй байдаг учраас манай нөхцөлд жолоодоход эвгүй байдаг. Ялангуяа эгнээ байр эзлэх, хашлага шахах зэрэгт нэлээн асуудалтай. Механик хурдны хайрцагтай бол бүүр ч тээртэй. Гэхдээ золоор ихэвчлэн автомат хурдны хайрцагтай байдаг болохоор бас ч гэж гайгүй ээ. Гэм нь энэнээс шалтгаалаад таны машин дунджаар 2 литр бензин илүү зарцуулна. Бас л овоо хэдэн төгрөг болно шүү дээ.
Япон машинуудаас хамгийн хэмнэлттэй нь Хондагийн Сивик, Домани гэх мэт машинууд байдаг. Дуу орох нь харьцангуй бага, хөдөлгүүр бол чулуу, хүч гэж ярих юм байхгүй. Өвөл асалт нь ч гэсэн сайн. Гол эмзэг асуудал бол хурдны хайрцаг. Гамнаж явахгүй бол эвдрэл их гарна. Тэрнээсээ болоод хэдэн төгрөгөөрөө шатаж байгаа хүмүүсийг би нүдээр үзсэн юм аа. Ер нь Хондагийн энгийн хөдөлгүүртэй машинууд япон машинууд дундаа бензин хамгийн бага иддэг нь гэдгийг та бүхэн сайн санаж аваарай. Хэт хүйтэнд хүчээр асаах гэж оролдож байгаад цахилгаан хуваарилагч буюу транблюрийн дотор байдаг эсэргүүцлийг нь шатаах тохиолдол их гардаг. Бас салон нь бүдүүн баргийн хийгдсэн байдаг. Бусад талаараа бол муулаад байх зүйлгүй. Хэрэв та механик кроптой Хондагийн Сивик, Домани, Лого гэх мэт машинуудыг худалдаж авбал бусад үйлдвэрийн ижил ангилалтай машинуудаас харьцангуй бага шатахуун зарцуулж байгааг нь шууд мэдрэх болно.
Ингэсгээд түр зогсъё. Дараа нь зав гарахаараа Тоёотаг баахан муулж, бас магтана аа.