Thursday, September 23, 2010

ЗАРИМ НЭГЭН ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИНГУУДАД ХЭЛЭХ ҮГ

Хэд хоногийн өмнө зурагтаар гадаадад амьдарч буй монгол ах дүүсийг харуулж байна аа. Ажаад байх нээ их л сүрхий, элбэг хангалуун байгаа бололтой. Тэгээд л сэтгүүлч нь мөнөөх л дасал болсон хэдэн асуултуудаа тавиад л, мань хүмүүс хариулаад л бие биенээ хөөрөгдөөд суух юм. Тэгснээ мөнөөх сэтгүүлч "Та нар тэгээд нутгаа санаж байна уу? Хэзээ нутаг буцаж амьдрах вэ?" гэх маягийн юм асуутал харин хэдэн өгөр толгойнууд "Ойрын хэдэн жилдээ ч буцах санаа алга аа. Тэгсгээд хөгшрөөд ирэхээрээ нутагтаа очиж ясаа тавина даа" гэх ухааны юм хариулдаг байгаа.
Тэгэхэд миний бухимдал төрөөд үхэх шахах шив дээ. Өөрийн өсөж төрсөн эх орноо "оршуулгын газар" болгодог тэд одоо юу вэ? Монгол улсынхаа төлөө сэтгэл зовнин шөнө ч нойр хүрдэггүй мань мэтийг "70 давхар"-ын манаач мэтээр төсөөлдөг тэр муу одоо хэн бэ? Ирмээргүй байгаа бол тэндээ үхээд өгөөч дээ. Бид та нараар дутахгүй шүү дээ. Та нар наанаа боолоо хийгээд, хоккей тоглоод явж л бай л даа. Дургүй ламд дарж байж сахил хүртээв гэгчийн үлгэр шиг юм болох нь л дээ.
Ер нь би угаасаа хүний иймэрхүү амиа бодсон, эх оронч бус үзэлд огтоос дургүй. Худлаа л Чингисийн монгол, дээд тэнгэрээс заяат бөртэ чоно, гуа маралын удам гэж хөөрөөд байдаг зангаа бид одоо болимоор юм. Сүүлийн үеийн балчир хүүхдүүд бүүр энэнд нь итгэчихсэн өвөг дээдсээ чоно, буга хоёрын эрлийз гэж бодоод л гүйж явна цаана чинь.
Тэрний оронд үр хүүхэддээ түүхийг үнэн бодитоор ойлгуулж, бидний оршин буй энэ газарт ямар ямар үндсэтнүүд нүүдэллэн амьдарч байгаад ямар шалтгааны улмаас хаашаа нүүсэн, тэдний үлдэгдлүүд одоо хаана, ямар улс, үндэстэн болчхоод байгаа, Чингис хаан яагаад дайтах болсон, дайн хийхдээ кинон дээр гардаг шиг хүмүүсийг алаад байдаг нь үнэн юм уу үгүй юу, манж гэж ямар үндэстэн хаанаас гарч ирээд бидний өвөг дээдсийг ямар аргаар урхидан дарлах болов, монгол хүний ямар зангаас болж бид одоог хүртэл сэргэж чадахгүй яваад байгаа, ардын хувьсгал, дэлхийн 2-р дайны галыг унтраахад бид ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ гэдгийг энгийн, ойлгомжтой аргаар хэлээд өгөх хэрэгтэй ш дээ.
Тэрнээс биш үздэг үлгэрийн кино шиг нь юм ярихаар хүүхэд үлгэрээр нь тусгаж авна. Тэгээд үлгэр нь өөрөө хийсвэр зүйл болохоор монгол орноо бодитоор ойлгож, мэдрэхээ болино, мэдрэхээ болихоор хайрлахаа болино. Удахгүй том болохоороо эндээс яваад кинон дээр гардаг өөр гоё газар очиж жаргаж байгаад үхэхээ болохоор буцаж ирж сайхан амарч байгаад үхнэ гээд л толгойдоо суулгачихна.
Эх түүхээ учиргүй айхтар нарийн судалдаггүй юм аа гэхэд үнэн бодитоор нь ойлгож байж хүн гэдэг амьтан чинь эх орон, эцэг өвгөдөөрөө бахархаж, түүнийгээ хайрлаж, монголоо гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвших учиртай.
Харин дээр хэлсэнчлэн хөгшрөхөөрөө энд ирж ясаа тавина энэ тэр гээд байдаг хүмүүст хандаад битгий ир ээ гээд хэлчихье. Хэнд ч хэрэггүй, хийж бүтээх чадваргүй, зөнөг юмнууд монголд хэрэггүй. Аягүйдвэл гадаадад хураасан хэдэн бор юмныхаа хагасаар нь хахууль хийж толгой дээр гарч суучхаад харь элгийнхэнтэй нийлж байгаад мань мэтийгээ эд бад хийж аваад энэ улс орныг баллаж мэднэ шүү. Харин оронд нь шинэ сэргэг оюун ухаантай, сэтгэх чадвартай, эрч хүч, эр зоригтой, эх оронч сэтгэлтэй залуусыг олж, дэмжиж байж бид улсаа хөгжүүлнэ.
Одоогийн энэ төрийн толгойд байгаа улс төрч сармагчингуудыг нэгийг нь ч үлдээлгүй буулгаж хаяад, хувийн эрх ашиг, ах дүү, найз нөхдөө гаргуунд нь гаргаж, зөвхөн монгол улсын төлөө зүтгэж чадах 50000 хүнийг олоод тавьчихсан байхад бид үгүй мөн амархан сэхнэ дээ. Харин бүгдийг эмх цэгцэнд нь оруулж, ардчилал гэдгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, нийгэмшсэн хөрөнгөтний замаар хөгжиж, хүмүүсийн ухамсрын түвшин үлэмж дээшилсний дараа олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль явуулахад нэн тохиромжтой. Тэр үед одоогийн энэ идээ бээр нэгэнт үгүй болж, зөв, цэвэр орчинд хүмүүс жинхэнэ утгаараа эх оронч болж хүмүүжсэн байх болно.

1 comment:

  1. hoooe commentnii hariu yagaad uhgui bn aa adminaa. uuriin chini uzel bodliig sonsoyo gesiishdee.

    ReplyDelete