Monday, September 20, 2010

Эх орондоо хайртай хүн бүхэн уншигтун

Эх орон гэж юу вэ? гэж хэн нэг нь асуувал чи юу гэж хариулах вэ? Чиний төрөөд, өсөөд, одоо амьдарч байгаа, дэлхийн улс төрийн газрын зураг дээр ямар нэгэн өнгөөр ялгагдан будагдаж, хилээр тусгаарлагдсан, ямар нэгэн нэртэй, нийслэл гэх хоттой тэр газрыг хэлэх үү? Эх орон гэж ердөө л энэ гэж үү?
Ердөө л энүүхнийг эх орон гэж андуурцгаагаад байгаа юм биш биз? Үгүй шүү дээ залуучууд аа. Эх орон гэдэг чинь хүний оюун ухаан, сэтгэл зүрхэнд байдаг хамгийн ариун нандин, үнэт зүйл юм. Эх орон гэдэг бол тухайн бие болоод хувь хүний эхлэл хийгээд төгсгөл нь юм. Эх орон гэдэг бол надад, бас чамд, ерөөсөө бидэнд эцэг өвгөдөөс минь уламжлагдан ирсэн, тэдний хөлс, цус, хайр, сэтгэл, ариун нандин бүхэн нь шингэж, тэдгээрээр бэхжин батажсан газар шороо юм. Бид ч гэсэн хамаг бүхнээ шингээгээд үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх ёстой.
Зөвхөн өөрийн эх орондоо л бид сэтгэл амар, эрх дураараа амьдрах боломжтой. Чи Америкт очоод Монголд байдаг шигээ аяглаж хэзээ ч чадахгүй. Яагаад гэвэл Цагаанууд ч, харууд ч, халтарууд ч, ер нь бүгдээрээ биднийг онигор нүдэт гэж хочилж, ад үзэн гадуурхах болно. Эсвэл япон, солонгост чамайг "үхэр монгол" гээд 10 хүний ажлыг ганцаарангаар чинь хийлгэчхээд өөрийн иргэдийн авдаг цалингийн талд нь ч хүрэхгүй мөнгө өгөхөд нь чи хүүхэд шиг баярлан алгаа тосч аваад өөрөөсөө харамлан идэж уухаа хугаслан байж гэрийнхэндээ явуулна. Цагаач болохоор чи бүгдээс айж амь зогооно.
Нэгэн цагт ойрадын хаан Галдан бошигт "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэж зарлигласан удаатай. Орчлонг бий болгосон агуу их бурхнаас газар шороогоо харамлана гэдэг бол жинхэнэ эх оронч хүний хэлэх үг мөн. Гэтэл бид өнөөдөр эх орноо харийнхны шунаг сэтгэлд тавьж өгчхөөд, гадагш нь хамаг л нандин бүхнээ зөөлгөөд сууж байх ч гэж дээ.
Эх оронч хүнд үндсэрхэг үзэл байх нь зүйн хэрэг. Гэвч хэт националист байх юм бол тэр жинхэнэ харгис мангас болж хувирна. Оросын халзан толгойтнууд шиг бусад үндэстнүүдийг гудманд барьж авч үхтэл нь зоддог бол эх оронч үзэл огтоос биш.
Гагцхүү монгол хүн монголдоо гадныхны зарц нь биш эзэн нь байгаасай л гэж би хүсдэг. Гэвч харамсалтай нь монгол төрийн толгойд байх үл бүтэх, бэртэгчин, авилгач, шуналтай, арчаагүй, хулгайч мангасуудын харгайгаар монгол хүн өсөж төрсөн газар шороондоо эзэн нь болох нь битгий хэл харин ч ад шоо үзэгдэж, доромжлогдон дарлагдаж, боолын хөдөлмөр эрхлэн зовж тарчилж байгаа нь нэн харамсалтай.
Энэ байдлаараа 50 жил үргэлжлэхэд монгол гэх зүйл зөвхөн түүхийн хуудаснаа үлдэж, газар нутаг нь элс ч биш сул шороон цөл болж хувирах нь дээ. Би олон жилийн өмнө Египетэд аялж явахдаа цөлжсөн газар гэж ямар аймшигтай бөгөөд авралгүй зүйл байдгийг үзсэн. Бас тэр газрын хүмүүс цөлжилттэй яаж тэмцэж, хүн амьдарч болох орчныг бүрдүүлэхийн тулд ямар их зардал гаргаж, 1 ширхэг өвс ургамлыг ч ямар ихээр хайрлаж, ус, агаараа бусдаас харамлаж, хамгаалж байгааг хараад үнэхээр бахархах сэтгэл төрж байж билээ. Гэтэл бид өвөг дээдсийн буянаар өвлөгдөн үлдсэн баян тансаг нутгаа өөрсдөө сүйд хийж хаячхаад үхэцгээсний дараа үр хүүхэд минь бусдын боол болж, ус, агаараа хүнээс худалдаж авах тэр цагт бүгд манай үеийнхнийг харааж, өнөөгийн төрд мандаж яваа мангасуудын өөрсөндөө зориулан барьж босгосон хөшөө дурсгалыг нь эвдэн түйвээж, булш бунхныг нь устган, бах таваа хангах болно доо.
Чухам ийм учраас эх орноо хүн бүр хайрлаж, ирээдүйнх нь төлөө санаа зовних ёстой цаг нэгэнт иржээ. Улс үндэстнээ гэсэн сэтгэлтэй хэн бүхэн одоо л сэрж, өнөөгийн төр, түүний бузар аргаар баяжсан олигархуудыг, мөн тэдэнтэй хамтран биднийг мөлжигч гадаад гахайнуудтай нь хамт эх орноосоо хөөн зайлуулж, жинхэнэ монгол ард түмний төр шиг төртэй, хууль шиг хуультай, эрх чөлөөт, эрх тэгш нийгэмтэй, хөгжсөн аж үйлдвэртэй, үржил шимт газартай, үй түмэн малтай, баян ард түмэнтэй, жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улсыг байгуулцгаая. Эх орноо хөгжүүлж, хайрлацгаая. Үүний тулд зэвсэг барин тэмцэхэд ч, уриа барин жагсахад ч бэлэн байцгаа. Сайн цаг удахгүй ирнэ гэж хүмүүс мэдэмхийрцгээдэг. Сайн цагийг ирэхийг хүлээж суулгүйгээр одоо л хөдлөхгүй бол оройтно шүү залуус аа.

1 comment:

  1. Zuv zuv 100% demjij bn. Harin yaj temtsehuu, yunaas ehlehuu? Chinii bodliig sonsoyo?

    ReplyDelete