Monday, August 30, 2010

Ай хөөрхий хөлбөмбөг өө гэж

Хүн ер нь их сонин мьтан ю аа. Ямар нэгэн зугаацах зүйл зохиочхоод тэрэндээ учиргүй ихээр дурлаж, хамаг сэтгэл зүрхээ зориулах юм аа. Би л гэхэд хөлбөмбөг гээчид их дуртай. Ямар ч цагт тэр бүү хэл шөнийн 3 цагт ч хөлбөмбөг үзээд л суучихна.
Тэгсэн мөртлөө дандаа муу багийг нь дэмжихийг яана гээч. Хожигдоно гэдгийг нь мэдсээр байж л албатай юм шиг сул багийг нь дэмжинэ. Тэгээд хожигдчихоор нь сэтгэл хямраад бөөн юм болно.
Дараа нь дахиад л хашрахгүй. Өнөөхөө л дэмжинэ. Тэгээд л хожигдоно. Гэтэл харин бусад хүмүүс бол хүчтэй багийг нь дэмжээд, хожихоор нь бөөн кайф авч байгааг харахаар атаархах ч шиг. Гэхдээ хүн болгон хүчтэйг нь дэмжээд байвал тэдэнтэй өрсөлдөж, хүчирхэг болгох эсрэг тал гэж оршин тогтнохоо болиод мөнөөх л сул дорой багтайгаа эгээ ижил болно шүү дээ хөө.

Saturday, August 21, 2010

ШҮЛЭГ УНШИХ УУ

Алдар гавьяа

Өрөөл бусдын төлөө
Өөрийгөө золиослоод дуусахын цагт
Амьддаа авч үзээгүй одонгоо
Авсан дээрээ зуруулж
"Засгийн газрын мэдээ" сонинд
Зургаа наалгахыг алдар гавьяа гэнэ ээ

Дурлал

Зүгээр байсан хүнийг
Зүрхнээс нь очиж чангаахыг дурлал гэнэ ээ

..........................................

Орохдоо омогтой
Орсон хойноо жаргалтай
Гарахдаа гарзтай
Гарсан хойноо ганц дусал нулимстай

..........................................


Урсан өнгөрөх хорвоогийн амьдралыг
Ууж, идэж, унтаж өнгөрөөнө
Хожим тэгээд амаа барьцгааж
Хайран юм гэж халаглана


..........................................


Хүн хүнээ алдаг
Хожим тэгээд гэмшдэг
Амьд нь үхсэнийхээ хойноос
Авс руу бас л ордог
Энэ нь цаг хугацааны л асуудал


..............................................


Хайртай гэдгээ чамд хэслнийхээ төлөө
Хатан зоригт баатар болж дөвчигнөвөл онигоо
Халуун элгэн нутгийнхаа төлөө үхэж чадаагүй мөртлөө
Хулчгар гэж өөртөө шивнээгүй бол шившиг


..............................................


Ертөнц дэлхий эргэдгээрээ эргэж
Ёроолгүй тамд хүмүүс тарчилна
Эцтэлээ тэд зовж зүдэрчхээд
Эргээд түүнийгээ жаргал гэж андуурна

Үхлээс тэд цөм айна
Үгээгүй ядуус ч амь тэмцэнэ
Үргэлж тэд даварцгаана
Үүрдийн амьдралыг хүснэ

Бурхан тэнгэрийг шүтнэ
Бузрыг тэвч гэж зарлиглана
Булай явдал үл дуусна
Будда багш тэднийг өршөөнө

Хар гартнууд амьдарна
Харин гэмгүй нь үхнэ
Бөөрөнхий дэлхий эргэнэ
Бүх юм байдгаараа л байна


Tuesday, August 3, 2010

ҮХЛИЙГ МАГТАН ДУУЛАХУЙ

Би ойрын хэдэн өдөр чухамхүү үхэл гэж юу билээ? гэж баахан бодлоо. Үхэл гэж ер нь хэнд ч хэрэггүй, араасаа баахан хар бараан, айдас хүйдэс дагуулдаг зүйлийг бурхан багш энэ орчлон дээр чухамхүү яах гэж бий болгосон юм бол оо? Хүн бүр үхэлд дургүй, үхлээс айдаг, үхэхгүйн тулд ямар ч нүглийг үйлдэхэд бэлэн байдаг. Бас хэдэн мянган жилийн туршид мөнхийн ус гэгчийг эрж, хайж, бүтээх гэж оролдсоор ирсэн нь нууц биш. Гэхдээ л ертөнцөд ямар нэгэн амьд бодгаль бий болсон л бол мөхөж үгүй болох нь үнэн. Энэ бол абсолют буюу үнэмлэхүй үнэн. Тэр ч байтугай бидний оршин амьдарч буй эх дэлхий маань хүртэл мөнх биш гэдэг нь тодорхой болчхоод л байна шүү дээ. Гол буруутан нь хүн. Өөр юу ч биш. Зөвхөн хүн л өөрсдийнхөө оршин амьдарч буй орчин, орон зайгаа үгүй хийх чадвартай. Өөрсдийгөө хамгийн ухаантай нь гэх боловч энэ ертөнц дээр оршин буй амьд бодгалиудын дотроос хамгийн харгис хэрцгий, тэнэгийг нь нэрлээдэх гэж бурхан надад тушаавал би өчүүхэн төдий ч эргэлзэхгүйгээр хүн гэж хэлнэ.
Үхэлд сайн тал бий юу гэвэл байна аа. Энэ зүйл чинь амьд амьтны, ялангуяа хүний амьдралыг утга учиртай, зорилготой болгож байгаа юм. Ямар ч амьтан үхэхгүйн тулд хоол хүнс хэрэглэдэг, түүнийгээ олохын тулд тэмцдэг, өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэх гэж эрмэлздэг. Бусдыгаа хамгаалж, тэднийгээ асардаг. Өөрөөр хэлбэл хайр гэдэг чинь үхлээс л шалтгаантай зүйл.
Хэрэв мөнх амьдрал гэж байсан бол энэ дэлхий ямар ч утга учиргүй, уйтгартай байх байсан.Та нар өөрсдөө төсөөлөөд үзээрэй. Адал явдал, дайн самуун, шинэ нээлт, хайр дурлал, үр хүүхэд, гэр бүл, спортын уралдаан тэмцээн, кино, жүжиг, онгоц, машин, пуужин, айдас, инээд наргиа ч үгүй тийм л уйтгартай орчинд бид амьдрах байсан нь үнэн.
Чухамхүү ийм зүйлсийг мэдрүүлэхийн тулд л үхэл гэдгийг бүтээсэн юм шүү дээ. Цаг хугацаа зогсолтгүй үргэлжилж, дэлхий шинэ шинэ цусаар хүчээ сэлбэж, шинэ оюун ухаан, чадавхи мэндэлж, хуучирч муудсан нь орон зайгаа тавьж өгч байдаг хөгжихүйн жам ёсны эхлэл нь үхэл билээ.
Миний энэ санаа хүмүүст огтхон ч таалагдахгүй гэдгийг би мэднэ. Магадгүй үүнийг уншсан хүн намайг аашилж загнах биз. Гэхдээ л үнэн үг хэлсэн хүнд үхэр өстэй гэдэг үгийг би өөрөө мэддэг болохоор хэн гуай нь яаж аяглахаас айхгүйгээр гашуун ч гэсэн үнэнийг, зөвхөн үнэнийг хэлэхийг л эрхэмлэх болно.
Үхэл гэдэг чинь өөрөө үнэний бэлэг тэмдэг шүү дээ. Эрхэм та бүхэн үүнийг уншсаныхаа дараа эрх биш нэгийг бодож, нарийн учир шалтгааныг нь ухаж ойлговол өчүүхэн би хий дэмий цагаа гарздаагүйдээ баярлах болно оо.