Tuesday, June 1, 2010

6-р сарын 1 буюу эх үрсийн баяр

Миний хүүхэд ахуй цагт Хүүхдийн баяр ганц хүсэн хүлээдэг өдөр маань байлаа. Учир нь жилд олдсон ганц боломжийг ашиглан аав, ээжийнхээ ажлаар очиж бэлгээ цуглуулчхаад нууцхан газар очиж уутыг нь задлан дотор нь хийсэн амттануудыг сонжин үзэх тун чиг сонирхолтой байсан сан. Дараа нь бас хүүхдийн парк орж өдөржингөө алаан болж очерлож байж хоёр гуравхан тоглоом дээр арай гэж суучхаад их л сэтгэл хангалуун гэртээ буцах замдаа багшийн дээдийн автобусны буудал дээрээс 50 мөнгөний хуушуур авч идчихээд интоорын ундаа 1 шилийг ааваараа авахуулж уучхаад их л сэтгэл хангалуун харьдаг байсан сан.
Харин өнөөдөр би эхнэр хүүхдээ бас ээжийгээ дагуулаад хүүхдийн баяр тэмдэглэхээр боллоо. Тэгээд хадам аав машинаа өгөхийг зөвшөөрсөн тул авахаар 13-р хорооллоос 3-р хороолол хүртэл автобусдахаар шийдэв. Удаан хүлээсний эцэст арай гэж нэг автобус ирсэн боловч буудал дээрээ зогсчихоод кондуктор нь орилж гарлаа. Нэлээн удаан зогссоны эцэст хүмүүсийн бухимдан шаардсанаар автобус хөдөлсөн боловч 100 орчим метр яваад л замын түгжрээнд ороод зогсчихов оо. Би ч хэсэг харзнасны эцэст буугаад такси барихаар гар өргөсөн боловч энгийн өдрүүдэд хүнийг зүгээр явуулахгүй хоргоогоод байдаг мань таксинууд сураг алга аа. Тэгээд л миний бие нэмэх 31 хэмийн халуунд 13-р хорооллоос 3-р хорооллын парадокс хүртэл 1 цаг 10 минут алхав. Би цагаа харахад гэрээсээ гарснаас хойш даруй 2 цагийг, амьдралынхаа бүхэл бүтэн 120 минутыг огт шаардлагагүй зүйлд зарцуулсан байлаа. Тэр хооронд охин маань ойролцоогоор 10 минутын зайтайгаар утасдаж, ирэх болж байгаа эсэхийг минь байсхийгээд л асууна. Арай гэж хадмынхаар орж машиныг нь аваад хөдлөх гэтэл өөр нэгэн машин гарц таглаж зогсоод эзэн нь сураггүй алга болсон байлаа. Ингээд 20-иод минут хий дэмий баахан сигналдаж зогссоны эцэст нэгэн янтгар авгай нэлээн ярвайсан байдалтай бүдүүн хар өгзгөө дааж ядан хальбиганасаар гарч ирээд өнөөх машинд багтаж ядан суух үед нь би түүнд хандан хэд гурван бухимдлын үг чулуудахаа бас ч гэж мартсангүй. Гэхдээ илжигний чихэнд алт ч, ус ч хийгээд нэмэргүй гэдэг үг үнэхээр үнэн болохыг олны нүдэн дээр нотолсноос өөр үр дүнд хүрсэнгүй.
Ингээд түгжирч тугжирч үд нэлээн хэвийх үед төв цэнгэлдэхийн хажууд байх амьтны хүрээлэнд очсон боловч тасалбар нь дууссаны зэрэгцээ тэнгэрт тулам хөөрөх шорооноос нь аргагүйн эрхэнд зугтахад хүрлээ. Сүүлд нь уг зоопарк гэгчийг үзсэн хүмүүсээс асуухад 5 хошуу малыг оролцуулаад гарын арван хуруунд багтах цөөн хэдэн амьтан байсан гэнэ лээ. Гол нь том хүн 2000, хүүхэд 1000 төгрөгөөр орж байсан нь тун инээдтэй санагдсан.
Тэндээсээ Тэнгис кино театр руу бас л бөөн түгжрээн дундуур зүтгэж зүтгэж очиход дотор нь хүн, хүүхэд пиг дүүрэн, бөгчим халуун гэж жигтэйхэн, бие муутайхан хүн бол багтарч унахаар байсан бөгөөд бүх тасалбар нь дууссан байсан тул аргагүйн эрхэнд тэндээс гарлаа. Энэ хэдэн минутанд миний санааг хамгийн их зовоосон зүйл бол үүдэндээ ийм бүгчим халуун байхад үзвэрийн танхим дотор нь хүн яаж тэсч байгаа юм бол доо гэсэн бодол байлаа.
Ингээд Сүхбаатарын талбай руу явлаа. Түгжрээг бол яриад ч хэрэггүй. Угаасаа тодорхой. Би Сүхбаатарын талбайг ололгүй төөрч давхиад Улаанчулуутын хогийн цэг дээр хүрээд ирчихсэн байсан шүү. Тэр хогийн цэг маш олон ганган ганган хүүхэд багачууд холхилдсон, Сүхбаатарын хөшөө, засгийн газрын ордонтой, гантиг чулуун шалтай юм байна лээ. Тэнд хүмүүс хог түүдэггүй харин хог тарьдаг. Тэр тарьсан хогоороо эр эм, хөгшин залуугүй хөл бөмбөг тоглодог юм байна лээ.
Ингээд зорьсон газраа хүрч чадалгүй төөрчихсөн тул Зайсан толгой орохоор хөдөлсөн боловч төмөр замын гарам дээр нь зүтгүүрт хүн дайрагдсан гэх аймшигт осол гарсан байсан тул зам хаалттай байж таараад зорьсон газраа очиж чадалгүй гэртээ харих боллоо. Харин охиндоо дараа заавал очиж чадаагүй газар, тоглож чадаагүй тоглоомоор нь тоглуулна гэж ам алдсан даа хөөрхий. Болтугай гэж залбирах л үлдлээ дээ.
Буцах замдаа солонгос хоол идэх санаатай хоёр гурван газраар орсон боловч пиг дүүрэн байсан тул гэртээ харьж будаатай хуургаа хийж идээд өдрийнхөө явдалд аяншиж ядарсан бид нар тус тусын орон дээрээ тэрийн унацгааснаар 2010 оны хүүхдийн баярын хөтөлбөр амар сайхандаа жаргав аа.